Элсэлтийн ерөнхий шалгалт-2011 журам

2011-02-07 20:00

БҮТ-ийн захирлын 2011 оны 02 дугаар сарын 02-ны

өдрийн 3 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмаар Монгол улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилго бүхий Элсэлтийн ерөнхий шалгалт /цаашид ЭЕШ гэх/-ыг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.

1.2. Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авах ЭЕШ-ыг зохион байгуулахад БСШУ-ны сайдын 2005 оны 422 дугаар тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”, БСШУ-ны сайдын 2008 оны 54 дугаар тушаал болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актыг дагаж мөрдөнө.

1.3. ЭЕШ-ыг 2011 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн /цаашид энэ онд төгссөн шалгуулагч гэх/, 2011 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн /цаашид өмнөх онд төгссөн шалгуулагч гэх/ өгнө.

1.4. Шалгуулагч нь монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс сонгон шалгуулна.

1.5. ЭЕШ-ын сэдэв даалгаврууд нь энэхүү журмын 1.4-т заасан хичээлүүдийн стандартын агуулга, танин мэдэхүйн түвшинд тохирсон шалгуулагчийн мэдлэг, сурах ерөнхий чадварыг шалгахаар боловсруулагдсан байна.

1.6. ЭЕШ сонгон авсан их, дээд сургууль, коллеж болон ЕБС-ийн хичээлийн анги танхим, cургалтын байр /цаашид ЭЕШ-ын байр гэх/-нд явагдана. Мөн ЭЕШ авах явцын бодит чанар, ил тод байдлыг хангах зорилгоор шалгалтын байранд хяналтын дуран суурилуулж болно.

1.7. Аймаг, нийслэлийн (сум, дүүрэг)-ийн ЭЕШ-ын байранд Боловсролын үнэлгээний төв /цаашид БҮТ гэх/-өөс томилсон ЭЕШ-ыг зохион байгуулах комисс ажиллах ба комисс батлагдсан удирдамжийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.

1.8. ЭЕШ-ын талаарх шаардлагатай мэдээллийг тухай бүрд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон БҮТ-ийн зөвлөгөө-мэдээллийн төв, Элсэгчийн сонин, www.eec.mn вебсайтаар олон нийтэд хүргэнэ.

1.9. ЭЕШ-ын сэдэв даалгаврыг БҮТ-ийн даалгаврын сангаас блупринтээр зохицуулан санамсаргүй түүвэрлэх аргаар сонгон тухайн хичээл тус бүрээр авах шалгалтын сэдвийг бэлтгэнэ.

1.10. ЭЕШ-ын сэдэв даалгавар бэлтгэх, хувилах, хүргүүлэх, шалгалтын материалыг төвлөрүүлэн татах, засах, үнэлэхтэй холбоотой нууцлалыг БҮТ хариуцна.

Хоёр. ЭЕШ-ын бүртгэл

2.1. ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 2011 оны 2 дугаар сарын 7-ны өглөө 09:00 цагт эхэлж, 2011 оны 4 дүгээр сарын 22-ны орой 18:00 цагт дуусна. Хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй болно.

2.2. ЭЕШ-ын шалгуулагчдыг интернэт /цаашид онлайн гэх/-ээр болон БҮТ-өөс тусгайлан эрх олгосон бүртгэгчид биечлэн бүртгэнэ.

2.2.1. Онлайн бүртгэл www.eec.mn вебсайтаар явагдана.

2.2.2. Онлайнаар бүртгүүлэхтэй холбоотой бүртгэлийн зааврыг энэхүү журмын 1.8-д заасан мэдээллийн эх сурвалжаас авч болно.

2.3. Бүртгүүлэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд:

2.3.1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэн, харъяалалгүй хүний Монгол Улсад оршин суух үнэмлэх/-тэй байна.

2.3.2. Өнгөт цээж зураг /цээж зураг нь сүүлийн 3 сарын дотор авахуулсан, 150х200 пиксель хэмжээтэй, 75 dpi нягтаршилтай, урагшаа харан цэх суусан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нүдний шил болон малгайгүй байна/. Бүртгүүлэхдээ зургийг зөвхөн нэг удаа оруулах ба зураг оруулаагүй болон шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд шалгалтад оруулахгүй болно.

2.3.3. Энэ онд төгссөн шалгуулагч бүртгэлд оруулсан зургийн 1 хувийг тухайн дүүргийн болон хөдөө орон нутгийн ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтанд хураалгана.

2.3.4. Шалгалтын хураамжийн гүйлгээ хийх (энэ журмын 2.7-д заасан банк) төлбөрийн мастер болон виза карт.

2.3.5. Бүрэн дунд боловсролын үнэмлэх түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчилсэн баримт бичиг /цаашид бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг гэх ба энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн шалгуулагчид хамаарна/.

2.4. Гадаадад бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн ЭЕШ-д бүртгүүлэхдээ энэ журмын 2.3.5 дэх заалтад заасан боловсролын бичиг баримтыг БСШУЯ-аар баталгаажуулж, БҮТ-д ирж бүртгүүлнэ.

2.5. Шалгуулагч онлайн бүртгэлийн хугацаанд шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх, солих боломжтой болно.

2.6. ЭЕШ-ын хураамж шалгалт бүрт 4800 төгрөг, батламж карт 700 төгрөг (цаашид хамтад нь шалгалтын хураамж гэх) байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж карттай байна.

2.7. Онлайнаар бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Монгол шуудан банк, Хас банкны төлбөрийн мастер карт болон виза картаар шилжүүлнэ.

2.8. Хөдөө орон нутагт бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банк дахь Боловсролын Үнэлгээний Төвийн 1102862121 тоот дансанд тушаана.

2.9. ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийн 50%-ийг эргүүлэн олгох ба бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтанд ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй, бусдад шилжүүлэн тооцохгүй.

2.10. Энэ онд төгссөн шалгуулагч төгсч буй сургуулийнхаа харъяалагдах ЭЕШ-ын байранд шалгалт өгнө.

2.11. Өмнөх онд төгссөн шалгуулагчид шалгалт өгөх газраа өөрөө сонгож бүртгүүлнэ.

2.12. Бүртгэлийг амжилттай хийсний дараа бүртгэлийн хуудсыг хэвлэж сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагч Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтнаар гарын үсэг зуруулан баталгаажуулж авна.

Гурав. ЭЕШ-ын хугацаа, зохион байгуулалт

3.1. 2011 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан шар өнгийн хуудас /цаашид суудлын хуваарь гэх/-ыг шалгалт эхлэхээс өмнө тухайн харъяаны Боловсрол, соёлын газар (хэлтэс)-аар дамжуулан хүлээн авна.

3.2. Улаанбаатар хотын өмнөх оны шалгуулагчид суудлын хуваариа БҮТ-ийн зөвлөгөө, мэдээллийн ажилтнуудаас, харин хөдөө орон нутгийн өмнөх оны шалгуулагчид суудлын хуваариа өөрийн аймгийн БСГ болон ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтнаас хүлээн авна.

3.3. Шалгалтанд орохдоо шалгуулагчид дараах материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

3.3.1. Бүртгэлийн хуудас /баталгаажуулсан байх/

3.3.2. Суудлын хуваарь

3.3.3. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг

3.3.4. Иргэний үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг

a. Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2011 оны 6 дугаар сарын 1-ээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг дарга эсвэл сурч буй сургуулийн захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ.

3.4. ЭЕШ-ын хуваарийг БСШУ-ны сайд зарлах бөгөөд орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг явагдана.

3.5. Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон хүнийг шалгалтад оруулахгүй.

3.6. Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер MP3, MР4, дуу хураагуур болон бусдад саад болох, хууран мэхлэх ямарваа нэгэн зүйлийг авч орохыг хориглоно.

3.7. Гэрээний хуудас нь шалгуулагчийн зурагтай мэдээлэл бүхий шалгалтанд орсныг гэрчлэх хуудас бөгөөд шалгуулагч гэрээний хуудсанд бичигдсэн шалгалтын анги танхимд мөрдөх дэгийг ёсчлон биелүүлэхээ гарын үсэг зурж баталгаажуулна.

3.8. ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, харин монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн гүйцэтгэх хугацаа 80 минут байна.

3.9. Хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод засваргүй бөглөнө.

3.10. Шалгалтын дэвтэр ба хариултын хуудас /цаашид шалгалтын материал гэх/-ыг тарааснаас хойш шалгалтын анги танхимд хүн орж, гарахыг хориглоно.

3.11. Шалгуулагч биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар шалгалтын анги, танхимаас гарсан бол шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө.

3.12. Шалгалтын хугацаа дуусмагц шалгуулагч хос баганан кодыг тасархай шугамын дагуу хуваан нэг хэсгийг гэрээний хуудас” дээр, нөгөө хэсгийг хариултын хуудасны “баганан код наах хэсэг”-т наана. ЭЕШ-ын зохион байгуулах комиссын гишүүд хариултын хуудас, гэрээний хуудсыг шалгуулагчдын өмнө тусгайлан бэлтгэсэн дугтуйнд хийж битүүмжлэн авна.

Дөрөв . ЭЕШ-ын дүн мэдээ

4.1. Бүх шалгуулагчдын гэрээний хуудас, хариултын хуудсыг БҮТ дээр төвлөрүүлэн, шалгагч машинаар засаж дүн, оноог гаргана.

4.2. Шалгалтын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дараа www.eec.mn вебсайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ.

4.3. ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагт www.eec.mn вебсайтад байрлуулна.

4.4. 2011 оны 07 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд шалгуулагчдын батламж картыг тараана.

4.5. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц код ашиглан www.eec.mn вебсайт-аас үзэж болно.

4.6. Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж картыг сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авна.

4.7. Хөдөө орон нутгийн нийт шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж картыг аймгийн Боловсрол соёлын газрын ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтнаас авна.

4.8. Улаанбаатар хотын өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж картыг БҮТ-ийн зөвлөгөө, мэдээллийн ажилтнаас хүлээн авна.

4.9. Шалгуулагчдын мэдээллийг БҮТ дээр электрон сан бүрдүүлэн архивлана.

4.10. ЭЕШ-ын батламж карт нь 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй болно.

Тав. ЭЕШ-ын өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх

5.1. Иргэдээс ирсэн ЭЕШ-тай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх 5-7 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллана.

5.2. Бүртгэл болон шалгуулагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдөл /овог нэр, регистрийн дугаар, цээж зураг/-ийг бүртгэлийн хугацаанд БҮТ-ийн 70119498, 70118486 дугаарын утас, и-мэйл, онлайн чат үйлчилгээгээр but@eec.mn хаягаар хүлээн авна. Мөн өөрийн биеэр бичиг баримттайгаа энэхүү журмын 5.3-т заасан хаягаар ирж шийдвэрлүүлж болно.

5.3. Шалгуулагч шалгалтын дүн, оноотой санал нийлэхгүй байгаа болон даалгаврын хариулттай холбоотой өргөдлөө бичгээр гаргаж, шалгалтын дүн, оноо зарлагдсанаас хойш ажлын 5 өдөрт багтаан Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-2, Засгийн газрын Х байр гэсэн хаягаар БҮТ-д ирүүлнэ.

5.4. Өргөдлийг хуулийн хугацаанд багтаан шийдвэрлэж хариуг бичгээр өгнө.

5.5. Шалгуулагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зөрчилтэй холбоотой өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй бөгөөд шалтгаанаа тодорхой заагаагүй болон буцах хаяггүй өргөдлийг мөн хүлээн авахгүй болно.

Зургаа. Журам зөрчигчдөд хүлээх хариуцлага

6.1. Бүртгүүлэхдээ бусдын картын мэдээллийг хууль бусаар ашиглан гүйлгээ хийсэн тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.

6.2. Энэхүү журмын 3.5-д заасан хугацаа (цаг, минут)-аас хоцорсон болон мөн журмын 1.12-д заасны дагуу баталгаажуулалт хийгдээгүй, өөрийн хувийн мэдээлэл, зургийг буруу оруулсан, баганан кодгүй бүртгэлийн хуудсыг хүчингүйд тооцож шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.

6.3. Шалгуулагч шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авсан, энэхүү журмын 3.6хориглосон зүйлийг ашигласан, бусдад тусласан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулсан бол шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгоно.

6.4. Шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтыг хүчингүй болгоно.

6.5. ЭЕШ-д бүртгүүлэх, шалгалтад ороход шаардлагатай бичиг баримтыг шалгуулагч хуурамчаар үйлдсэн нь ногтлогдсон тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээнэ.

Долоо. Бусад

7.1. БҮТ нь ЭЕШ-ын дүн, оноо, тайлан, үр дүнг нийтэд үнэ төлбөргүй хүргэнэ.

7.2.

Ангилал : Шалгалтанд бэлтгэх | Нийтэлсэн : **no name | Уншсан (466) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл